Erdene Zuu museum
internet

Эрдэнэ Зуу

Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрсэний хожуу үеийн дэлгэрэлтийн халх, зүүн Монголын анхны хийд нь Эрдэнэ Зуу юм. Тус хийдийг санаачлан байгуулагч нь Алтан ургийн хүн болох халхын анх дугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын элэнц эцэг, түшээт хаадын өвөг Автай сайн хан билээ.
Автай хан 1581-1583 онд өөрийн элч зарж, Түвдийн зарим ламыг урьж уулзаж байгаад 1586 онд 3-р Далай ламтай биечлэн уулзаж, Очирай сайн хан цол, тамгаар шагнагдаж, Бурханы шашныг Халхад дэлгэрүүлэхээр хэлэлцэн тохироод Эрдэнэ Зуу хийдийг байгуулах ажлаа шуурхайлжээ. Тэгэхдээ урьд нь 1585 онд эхлээд байсан сүмийн гол нурууг (одоогийн гол Зуу сүм) гал нохой жилийн зуны дунд сарын 15 буюу нийтийн тооллын 1586 онд тавьснаар Эрдэнэ Зуу хийд байгуулагдах үндэс суурь болжээ.
1872 оны байдлаар Эрдэнэ Зуу хийд нийт 62 сүм, дуган 500 гаруй барилга байгууламж 1500 орчим ламтай болоод байжээ. Эрдэнэ Зуугийн сүм, дуган, лам нар Монголын бусад хийдүүдийн адил 1930-д оны улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн юм. 1944 оны V сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс “Монголын ард түмний түүх дурсгалын зүйл болох Хархорум, Эрдэнэ Зуугийн хамтаар хамгаалах ба засварлах” тухай тогтоол гаргаж улсын хамгалалтад авч I,II,III ээлжийн засварын ажлыг 1944-1946 оны хооронд Шинжлэх Ухааны Хүрээлэнгээр эрхлэн гүйцэтгүүлсэн ба түүнээс хойш одоог хүртэл засварын ажлыг үе шаттайгаар хийлгүүлсээр байна.
Эрдэнэ Зууг БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1965 оны VI сарын 1-ний өдрийн 441-р тогтоолоор улсын зэрэглэлтэй шашны түүхийн сүм музей болгосон юм. Эрдэнэ Зуу нь Улаанбаатар хотоос 365 км зайд Өвөрхангай аймгийн Хархорин суманд оршдог.

Гол Зуу

Зуу Бурхан залсан энэ гурван сүмийг Гурван Зуугийн сүм гэж нэрлэдэг бөгөөд гол Зуугийн сүмийг хамгийн анх буюу 1586 онд бариулсан нь Эрдэнэ Зуу хийд байгуулагдсан тоолол гэж үздэг юм. Энэ сүмийн хойморт залрах гурван бурханы голынх нь Зуу бурханы /Бурхан багш/ идэр залуу үеийг, түүний баруун гар талд нь Амитаба /Цаглашгүй гэрэлт/ диваажингийн /амгалангийн орон/ эзэн Бурхан, зүүн гар талд оточ Манла буюу эрүүл мэндийн Бурханы шуумал шүтээн байдаг.
Түүний өмнө талд Бурхан багшийн хоёр шавь болох Шаарибуу, Моголжибуу. Тэр хоёрын өмнө Наран, Саран Бодисадва оршино. Баруун, зүүн талын хоёр ханыг дагаад Сэмбажад /найман баатар сэтгэлтэн/ буюу найман их Бодисадвын шүтээн баримал босоогоор залрана.
Үүдний зүүн гар талд Эрдэнэ Зуу хийдийн гол нандин шүтээн Гомбогүр /Гүргон/ сахиус, баруун гар талд арван Хангалын цорын ганц бүсгүй сахиус болох Балданлхам /Цогт охин тэнгэр/ нар хамгаалан оршино. Гол Зуугийн сүм нь хоёр давхар бөгөөд дээд давхарыг сайн цагийн мянган бурханы орон гэж нэрлэдэг. Энэ давхарт хагас тохой хэмжээтэй мянган бурхадын шүтээн дүр залаатай байдаг ба бясалгал хийдэг байжээ.

internet

Гурван Зуугийн сүм