Эрдэнэ Зуу нэрийн утгын талаар товчхон бичвэр оруулж байна.
Эрдэнэ Зуу гэдэг нэрийн утгыг олон нийтэд бүрэн гүйцэд ойлгуулаагүй, ойлгоогүй учир ихэнх хүмүүс нэрний утгын талаар төдийлөн сайн мэддэггүй байна. Ихэнхдээ Эрдэнэ Зууг тойрсон 108 суваргатай учир зуугийн тооны зуугаар нэрлэсэн байх гэж боддог. Ингэж буруу ойлгох шалтгааны нэг нь буруу бичдэгээс бас болж байна. Эрдэнэзуу гэдэг хоёр үгийг нийлүүлж, бас “з” үсгийг жижигээр бичдэгээс, нөгөөтээгүүр кирил үсгэнд Эрдэнэ Зуугийн Зуу, зуугийн тооны зуу хоёрыг адилхан бичдэгээс буруу ойлгогддог юм. Буруу ойлгосон учир судалгааны түвшинд биш ч хөтөч, орчуулагч нар Эрдэнэ Зуу гэдэг нэрийг өөрсдийн буруу ойлгосноороо үгчилж буруу орчуулах, буруу тайлбарлах тохиолдол маш их ажиглагддаг. Жишээ нь Эрдэнэ Зууг one hundred treasure гэж Англиар орчуулах тохиолдол их байна. Зуугийн тооны зууг Монгол бичигээр ᠵᠠᠭᠤ=жагу гэж бичдэг бол. Эрдэнэ Зуугийн Зууг ᠵᠣᠣ=жуу гэж бичдэг ба хоёр өөр утгатай үг юм. Тиймээс Эрдэнэ Зуу гэдэг нэрний талаар бага зэрэг задаргаа хийж тайлбарлахыг хичээе.
Төвөдөөр རིན་ཆེན་ཇོ་བོ་=Ринчэн Жово гэдэг үгийг Монголоор Эрдэнэ Зуу гэдэг билээ. རིན་ཆེན་ཇོ་བོ་=Ринчэн Жово гэдэг үгний རིན=рин нь үнэ цэнэ, өртөг, ханш. ཆེན=чэн нь их, том гэсэн утгыг илэрхийлэх ба их үнэтэй, чухал, ховор гэсэн утгатай үг нь эрдэнэ гэдэг утгыг Төвөдөөр илэрхийлж байдаг гэж ойлгож болно. ཇོ་བོ=жово буюу Зуу нь Бурхан Буддхагийн нэг алдар бөгөөд оноосон нэр юм. Тиймээс Кирил үсгэнд Зуу гэдэг нэрний эхний “З” үсгийг ТОМООР Зуу гэж бичих хэрэгтэй. Эрдэнэ Зуугийн гол гурван Зуугийн сүм буюу хамгийн анхны бөгөөд Өндөр Гэгээн Занабазарын дээд гурван өвгийн бариулсан гурван сүм байдаг. Тус гурван сүмийн хойморт гурав, гурван шавар шүтээн баримал оршдог ба голынх нь Бурхан буддхагийн буюу Зуу бурханы шүтээн баримал юм. Товчхондоо гурван Зуугийн сүмийн хоймор голд орших Зуу бурханы алдраар Зуу гэж нэрлэсэн байна. Яагаад Зуу гэдэг үгний өмнө Эрдэнэ гэж тодотогож нэрлэсэн талаар хэд хэдэн гаргалгаа байдаг.
НЭГ
Бурхан буддха өөрөө орчлонгоос буюу зовлонгоос гэтэлсэн, бусдыг ч гэтэлгэх арга замыг номлосон эрдэнэ шиг ховор, нандин нэгэн учир ЭРДЭНЭ гэж нэрлэсэн байна. Бид чухал зүйлийг алттай зүйрлэж ЦАГ БОЛ АЛТ гэж нэрлэдэгтэй адил Бурхан буддха бидэнд эрдэнэ мэт үнэтэй юм.
ХОЁР
Эрдэнэ Зуугийн гол Зуугийн сүмийн Зуу бурханы тэргүүнд тохой хэмжээний эрдэнэ шигтгэсэн байсан учир ЭРДЭНЭ гэж нэрлэдэг гэж яриа бас байдаг аж.
ГУРАВ
རིན་ཆེན=ринчэн=эрдэнэ гэдэг үг нь Бурхан буддхагийн эрдэний шарил буюу радна шарирам гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд энэ нь үс, шүд тэргүүтэй Бурханы лагшингийн хэсгийг хэлнэ. Гол Зуугийн сүмийн Зуу бурханы лагшин барималд Бурхан багшийн эрдэнийн шарил оршоосон байдаг учир ЭРДЭНЭ гэж нэрлэнэ. гм…
ཇོ་བོ=жово=Зуу гэдэг үг нь Бурхан буддхаг нэрлэдэг Шагжтүв, Шагжамуны гэх мэт маш олон алдарын нэг нь юм. Их хөлөгний шашинд бурханы хувилгаан лагшин, төгс эдлэлийн лагшин, номын лагшин гэж гурван лагшины талаар номлосон байдаг бөгөөд их хөлөгний таван мөр, арван газрыг төгс эдлэж гэгээрсэн тэр лагшинг төгс эдлэлийн лагшин гэдэг байна. Төгс эдлэлийн лагшинг бүтээхдээ ихэвчлэн эрдэнийн чимэг зүүлт, хувцас хэрэглэл, титэм сэлтийн хамт бүтээдэг ба үүнийг Зуу гэж нэрлэнэ. Эрдэнэ Зуугийн гурван Зуугийн сүмийн хоймор голд Бурхан буддхаг титэм сэлтийн хамт бүтээсэн байдгийг Зуу гэж нэрлэх бөгөөд Зуу бурхан залсан зүмийг Зуугийн сүм буюу Зуу гэж бурханы алдраар бас нэрлэдэг байна.
Л.Шинэбат
Хариулт үлдээх