ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН НАМТРААС ТОВЧХОН ДУРДВАЛ

posted in: Мэдээ | 0

Эрдэнэ Зуу хийдийг Их Чингис хааны алтан ургийн Гэрсэнз жалайр хун тайжийн 3-р хөвгүүн Онох Үйзэн ноёны ахмад хүү Абтай сайн хан 1586 онд байгуулжээ. Автай сайн хан Халхын цэргийг удирдан мордож, Хөвхөр хэрээ хэмээх газарт Ойрадтай байлдан ялж өөрийн ахмад хөвгүүн Субугадайг илгээж, Ойрадад хаан суулгаад нутагт хүргүүлэн явахад нэгэн толгойгүй хонхны цар олж нэрийг нь мэдэхгүй дуу гаргаваас дэмий сайханд авч явтал Түмэдийн газраас хэдэн худалдаачин ирсэн ажгуу.Тэд нараас асууваас ном уншихад хэрэглэдэг хонх гэв. Ном гэгч юу буй хэмээв. Бурхны зарлиг гэв. Бурхны зарлиг ямар буй хэмээвээс таван хүмүүн хол сууж бичгээр аль учрыг хэлэлцэж мэдсэнд Абтай сайн хан маш гайхаж, их бишрэл сүсэг төрөөд, Бурханы шашинд үлэмж сүжиглэсэн . 1586 онд III -р Далай лам Содномжамцыг Түмэдийн Хөх хотод морилж буй үед Абтай сайн хан өөрийн дүү Түмэнхэн сайн ноёны хамт очиж бараалхан Далай ламд булганы арьс, алтадсан өргөө, алт мөнгө, 1000 агт тэргүүтэй мал сүрэг зэрэг үлэмж өргөл өргөжээ. Далай лам бээр Зуу Шигэмунийн эндүүгүй шарил эрхий хуруу төдий их гэрэл бадарсан нэгийг хайрлаж бас гэр дүүрэн бурхнаас сонгож автугай гэж зарлиг болсонд нэг хуучин хөрөг авсан нь галд үл шатсан Пагму түв Дорж жалбу ажгуу. Мөн “ Очирай сайн хаан цол ” , шар үсэг бүхий тамга шагнажээ.III-р Далай лам Абтай сайн хаантай уулзах үедээ өвөг дээдсийнхээ тахилын орныг сэлбэн засваас тэр оронд шашин төр аяндаа хослон дэлгэрэх болно хэмээн зарлиг болсон гэдэг. Эрдэнэ Зуу ба Өндөр гэгээний намтарт: Модон эм тахиа жил 1585 онд урьдын Чингис хааны III-р хөвгүүн Өгэдэй ноён хаан суусан ба хойно Тогоонтөмөр хаан сэлбэн барьж суусан Шарга азрага хэмээх Шанхат уулын ар дахь хуучин Тахай нэрт балгасны дотор өчүүхэн нэг байшин ордны дээд давхарт Далай ламын гэгээний биеийг дүрэмлэн өөрийн мутраар бүтээснээс Бурхны гэгээний мэндэлснээс хоёр мянга таван зуун дөчин зургаан жил, Богд Зонховын мэндэлснээс хоёр зуун хорин есөн жил болсны үед Хятадын арван гуравдугаар Ван Ли хааны арван дөрөвдүгээр онд үл барагдах нэрт гал эр нохой жилийн / 1586 / элдэв төгөлдөр хэмээх зуны дунд сарын 15 ны өдөр сүмийн нуруу босгож уламжилсаар байгуулж …. Далай лам гэгээнийг залья хэмээн айлтгасанд гэгээний ор болгон Сажийн үндэсний Лодойнямбуу хэмээх ламыг хайрлан айлдсаныг Зуугийн сүмд залж ирээд мөн тэр лам равнай үйлдэхийн сацуу урьд Далай лам бээр эндээс равнай айлдъя хэмээснээр мөн өдөр өмнө зүгээс үүл гэрэл мэт өнгөтэйн дотроос тутаргын арвай бууж гайхамшигтай адистад болов хэмээн Эрдэнэ Зуу хэмээн нэр өгөв. Үүнд: бүтээсэн шүтээнүүнүүдийн эрхэм нь Далай ламын өргөсөн гайхамшигт чандмань эрдэнэ мэт бурхны шарил тэргүүтэнийг залж, үүдэшгүй адистидат шүтээн ба чухал эрдэний зүйлүүдээр үүдсэн бурхан Шигэмунийн манлайд Бадамгарав өргөсөн нэг, Гурван цагийн бурхан, Вачирдара, Бадамсамбава, Сажа бандид Гунгаажалцан, Гарма лам, Найман бодисад, ба дээд бодисад хоёр, хэтэрхий сүр жавхлан бадарсан байдалт шажныг сахигч цэргийн чуулганыг тархаан дарагч зандан модон их бэрээг барьсан үүдсэн сахиус Гомбогүр нэг, дөрвөн мутарт Лхам нэг, дөрвөн Махранз болоод бас дээр залсан гурван цагийн долоон бурхан, арван зургаан Энэтхэгийн байдалт ахуй шүтээн, Сайн галавын мянган бурхан тэргүүтнийг амилуулав.

Эрдэнэ зуу ба Өндөр гэгээний намтар оршвой УТНС / Жамба. Асрагч нэртийн түүхээс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн