ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН НАМТРААС ТОВЧХОН ДУРДВАЛ

posted in: Мэдээ | 0

Эрдэнэ Зуу хийдийг Их Чингис хааны алтан ургийн Гэрсэнз жалайр хун тайжийн 3-р хөвгүүн Онох Үйзэн ноёны ахмад хүү Абтай сайн хан 1586 онд байгуулжээ. Автай сайн хан Халхын цэргийг удирдан мордож, Хөвхөр хэрээ хэмээх газарт Ойрадтай байлдан ялж өөрийн ахмад хөвгүүн Субугадайг илгээж, Ойрадад хаан суулгаад нутагт хүргүүлэн явахад нэгэн толгойгүй хонхны цар олж нэрийг нь мэдэхгүй дуу гаргаваас дэмий сайханд авч явтал Түмэдийн газраас хэдэн худалдаачин ирсэн ажгуу.Тэд нараас асууваас ном уншихад хэрэглэдэг хонх гэв. Ном гэгч юу буй хэмээв. Бурхны зарлиг гэв. Бурхны зарлиг ямар буй хэмээвээс таван хүмүүн хол сууж бичгээр аль учрыг хэлэлцэж мэдсэнд Абтай сайн хан маш гайхаж, их бишрэл сүсэг төрөөд, Бурханы шашинд үлэмж сүжиглэсэн . 1586 онд III -р Далай лам Содномжамцыг Түмэдийн Хөх хотод морилж буй үед Абтай сайн хан өөрийн дүү Түмэнхэн сайн ноёны хамт очиж бараалхан Далай ламд булганы арьс, алтадсан өргөө, алт мөнгө, 1000 агт тэргүүтэй мал сүрэг зэрэг үлэмж өргөл өргөжээ. Далай лам бээр Зуу Шигэмунийн эндүүгүй шарил эрхий хуруу төдий их гэрэл бадарсан нэгийг хайрлаж бас гэр дүүрэн бурхнаас сонгож автугай гэж зарлиг болсонд нэг хуучин хөрөг авсан нь галд үл шатсан Пагму түв Дорж жалбу ажгуу. Мөн “ Очирай сайн хаан цол ” , шар үсэг бүхий тамга шагнажээ.III-р Далай лам Абтай сайн хаантай уулзах үедээ өвөг дээдсийнхээ тахилын орныг сэлбэн засваас тэр оронд шашин төр аяндаа хослон дэлгэрэх болно хэмээн зарлиг болсон гэдэг. Эрдэнэ Зуу ба Өндөр гэгээний намтарт: Модон эм тахиа жил 1585 онд урьдын Чингис хааны III-р хөвгүүн Өгэдэй ноён хаан суусан ба хойно Тогоонтөмөр хаан сэлбэн барьж суусан Шарга азрага хэмээх Шанхат уулын ар дахь хуучин Тахай нэрт балгасны дотор өчүүхэн нэг байшин ордны дээд давхарт Далай ламын гэгээний биеийг дүрэмлэн өөрийн мутраар бүтээснээс Бурхны гэгээний мэндэлснээс хоёр мянга таван зуун дөчин зургаан жил, Богд Зонховын мэндэлснээс хоёр зуун хорин есөн жил болсны үед Хятадын арван гуравдугаар Ван Ли хааны арван дөрөвдүгээр онд үл барагдах нэрт гал эр нохой жилийн / 1586 / элдэв төгөлдөр хэмээх зуны дунд сарын 15 ны өдөр сүмийн нуруу босгож уламжилсаар байгуулж …. Далай лам гэгээнийг залья хэмээн айлтгасанд гэгээний ор болгон Сажийн үндэсний Лодойнямбуу хэмээх ламыг хайрлан айлдсаныг Зуугийн сүмд залж ирээд мөн тэр лам равнай үйлдэхийн сацуу урьд Далай лам бээр эндээс равнай айлдъя хэмээснээр мөн өдөр өмнө зүгээс үүл гэрэл мэт өнгөтэйн дотроос тутаргын арвай бууж гайхамшигтай адистад болов хэмээн Эрдэнэ Зуу хэмээн нэр өгөв. Үүнд: бүтээсэн шүтээнүүнүүдийн эрхэм нь Далай ламын өргөсөн гайхамшигт чандмань эрдэнэ мэт бурхны шарил тэргүүтэнийг залж, үүдэшгүй адистидат шүтээн ба чухал эрдэний зүйлүүдээр үүдсэн бурхан Шигэмунийн манлайд Бадамгарав өргөсөн нэг, Гурван цагийн бурхан, Вачирдара, Бадамсамбава, Сажа бандид Гунгаажалцан, Гарма лам, Найман бодисад, ба дээд бодисад хоёр, хэтэрхий сүр жавхлан бадарсан байдалт шажныг сахигч цэргийн чуулганыг тархаан дарагч зандан модон их бэрээг барьсан үүдсэн сахиус Гомбогүр нэг, дөрвөн мутарт Лхам нэг, дөрвөн Махранз болоод бас дээр залсан гурван цагийн долоон бурхан, арван зургаан Энэтхэгийн байдалт ахуй шүтээн, Сайн галавын мянган бурхан тэргүүтнийг амилуулав.

Эрдэнэ зуу ба Өндөр гэгээний намтар оршвой УТНС / Жамба. Асрагч нэртийн түүхээс

Эрдэнэ Зуу нэрийн учир

posted in: Мэдээ | 0

Эрдэнэ Зуу нэрийн утгын талаар товчхон бичвэр оруулж байна.

Эрдэнэ Зуу гэдэг нэрийн утгыг олон нийтэд бүрэн гүйцэд ойлгуулаагүй, ойлгоогүй учир ихэнх хүмүүс нэрний утгын талаар төдийлөн сайн мэддэггүй байна. Ихэнхдээ Эрдэнэ Зууг тойрсон 108 суваргатай учир зуугийн тооны зуугаар нэрлэсэн байх гэж боддог. Ингэж буруу ойлгох шалтгааны нэг нь буруу бичдэгээс бас болж байна. Эрдэнэзуу гэдэг хоёр үгийг нийлүүлж, бас “з” үсгийг жижигээр бичдэгээс, нөгөөтээгүүр кирил үсгэнд Эрдэнэ Зуугийн Зуу, зуугийн тооны зуу хоёрыг адилхан бичдэгээс буруу ойлгогддог юм. Буруу ойлгосон учир судалгааны түвшинд биш ч хөтөч, орчуулагч нар Эрдэнэ Зуу гэдэг нэрийг өөрсдийн буруу ойлгосноороо үгчилж буруу орчуулах, буруу тайлбарлах тохиолдол маш их ажиглагддаг. Жишээ нь Эрдэнэ Зууг one hundred treasure гэж Англиар орчуулах тохиолдол их байна. Зуугийн тооны зууг Монгол бичигээр ᠵᠠᠭᠤ=жагу гэж бичдэг бол. Эрдэнэ Зуугийн Зууг ᠵᠣᠣ=жуу гэж бичдэг ба хоёр өөр утгатай үг юм. Тиймээс Эрдэнэ Зуу гэдэг нэрний талаар бага зэрэг задаргаа хийж тайлбарлахыг хичээе.

Төвөдөөр རིན་ཆེན་ཇོ་བོ་=Ринчэн Жово гэдэг үгийг Монголоор Эрдэнэ Зуу гэдэг билээ. རིན་ཆེན་ཇོ་བོ་=Ринчэн Жово гэдэг үгний རིན=рин нь үнэ цэнэ, өртөг, ханш. ཆེན=чэн нь их, том гэсэн утгыг илэрхийлэх ба их үнэтэй, чухал, ховор гэсэн утгатай үг нь эрдэнэ гэдэг утгыг Төвөдөөр илэрхийлж байдаг гэж ойлгож болно. ཇོ་བོ=жово буюу Зуу нь Бурхан Буддхагийн нэг алдар бөгөөд оноосон нэр юм. Тиймээс Кирил үсгэнд Зуу гэдэг нэрний эхний “З” үсгийг ТОМООР Зуу гэж бичих хэрэгтэй. Эрдэнэ Зуугийн гол гурван Зуугийн сүм буюу хамгийн анхны бөгөөд Өндөр Гэгээн Занабазарын дээд гурван өвгийн бариулсан гурван сүм байдаг. Тус гурван сүмийн хойморт гурав, гурван шавар шүтээн баримал оршдог ба голынх нь Бурхан буддхагийн буюу Зуу бурханы шүтээн баримал юм. Товчхондоо гурван Зуугийн сүмийн хоймор голд орших Зуу бурханы алдраар Зуу гэж нэрлэсэн байна. Яагаад Зуу гэдэг үгний өмнө Эрдэнэ гэж тодотогож нэрлэсэн талаар хэд хэдэн гаргалгаа байдаг.

НЭГ
Бурхан буддха өөрөө орчлонгоос буюу зовлонгоос гэтэлсэн, бусдыг ч гэтэлгэх арга замыг номлосон эрдэнэ шиг ховор, нандин нэгэн учир ЭРДЭНЭ гэж нэрлэсэн байна. Бид чухал зүйлийг алттай зүйрлэж ЦАГ БОЛ АЛТ гэж нэрлэдэгтэй адил Бурхан буддха бидэнд эрдэнэ мэт үнэтэй юм.

ХОЁР
Эрдэнэ Зуугийн гол Зуугийн сүмийн Зуу бурханы тэргүүнд тохой хэмжээний эрдэнэ шигтгэсэн байсан учир ЭРДЭНЭ гэж нэрлэдэг гэж яриа бас байдаг аж.

ГУРАВ
རིན་ཆེན=ринчэн=эрдэнэ гэдэг үг нь Бурхан буддхагийн эрдэний шарил буюу радна шарирам гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд энэ нь үс, шүд тэргүүтэй Бурханы лагшингийн хэсгийг хэлнэ. Гол Зуугийн сүмийн Зуу бурханы лагшин барималд Бурхан багшийн эрдэнийн шарил оршоосон байдаг учир ЭРДЭНЭ гэж нэрлэнэ. гм…

ཇོ་བོ=жово=Зуу гэдэг үг нь Бурхан буддхаг нэрлэдэг Шагжтүв, Шагжамуны гэх мэт маш олон алдарын нэг нь юм. Их хөлөгний шашинд бурханы хувилгаан лагшин, төгс эдлэлийн лагшин, номын лагшин гэж гурван лагшины талаар номлосон байдаг бөгөөд их хөлөгний таван мөр, арван газрыг төгс эдлэж гэгээрсэн тэр лагшинг төгс эдлэлийн лагшин гэдэг байна. Төгс эдлэлийн лагшинг бүтээхдээ ихэвчлэн эрдэнийн чимэг зүүлт, хувцас хэрэглэл, титэм сэлтийн хамт бүтээдэг ба үүнийг Зуу гэж нэрлэнэ. Эрдэнэ Зуугийн гурван Зуугийн сүмийн хоймор голд Бурхан буддхаг титэм сэлтийн хамт бүтээсэн байдгийг Зуу гэж нэрлэх бөгөөд Зуу бурхан залсан зүмийг Зуугийн сүм буюу Зуу гэж бурханы алдраар бас нэрлэдэг байна.

Л.Шинэбат

ЗУЛЫН-25 БУЮУ “БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН” ӨДРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ

posted in: Мэдээ | 0

2020 оны 12 дугаар сарын 10 буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 ны өдөр Богд Зонховын их дүйчэн “Зулын 25”- ний өдөр тохиов. Энэ жилийн дүйчэн өдрөөр дэлхий нийтээр тархаад байгаа Covid-19 цар тахлын нөхцөл байдал,засгийн газрын шийдвэрийн дагуу олон нийтээр цуглаж буян хийх боломжгүй байгаа тул Эрдэнэ зуу хийд энэхүү өдөрт зориулсан хурал ном, олон нийтийн арга хэмжээг цахим хэлбэрт шилжүүлэн сүсэгтэн олны хамтаар нийтээр буян хураах үүний үрээр цар тахалаас үүдэлтэй өвчин зовлон, элдэв барцад саад амирлаж амар амгалан дэлгэрэхийн тухайтад зориулав.

ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДЭД БОЛОХ БУЯН НОМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

I. ХУРАЛ НОМ, ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ:

Эрдэнэ зуу хийдийн Ловон лам О.Эрдэнэчулуун Face book : Эрдэнэ Зуу Хийд/Erdene Zuu hiid page хуудасаар Дүйчэн өдөрт зориулан нийтээрээ буяныг үйлдэхийн ач тусын талаар Лайваар айлдвар айлдав.

• Хийдийн Цогчин дуганд Тэгчин сожин буюу нэг өдрийн сахил авч Эргэл гороо хийж Цогчин хурал, Богд ламын чога, Магтаалууд зэрэг хурал

• Гомбо гүр сахиусны тахилга, / Гомбо гүрийн ивээлийн хурал Богд ламын залбирал “Мэгзэм” уншиж “Маань хөгжөөх” ЗУЛ өргөх ёслол зэрэг хурал номын үйл ажиллагааг иргэд, сүсэгтэн олонд цахимаар дамжуулав.

• Уг дүйчэн өдөрт зориулан Тэргүүн Лам нарын Зөвлөлийн Хурлын Ажлын албанаас зохион байгуулсан “Мэгзэм”-ийн цахим хуралд оролцон “Бурхан багшийн Их дүйчэн өдөр” Face book: page хуудсаар олон нийтэд шууд өглөөний 04-05 цагийн хооронд “Мэгзэм” хурлаа.

II.ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ:

Улсын хэмжээнд цар тахал үүссэн энэ цаг үед манай хийд нь сум орон нутгийн СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ –тай хамтран ажиллав.

• Зулын 25-ны Богд ламын их дүйчэн өдрөөр бусдад тустай сайн үйл бүтээж сумын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин Эрдэнэзуу хийд 500.000 төгрөгийг сумын Онцгой комисст хандивлалаа.

• Цар тахлын үед хяналтын цэгт хийдийн 5 лам нар ээлжийн хуваарьт орж төрийн байгууллагын албан хаагчидтай хамтран ажиллаж байна.

• Хяналтын цэгт 1 өдөр ажиллаж байгаа 7 цэгийн 21албан хаагч нарт хоол цай хүнсний тусламж 320 000 төгрөгийн тусламж үзүүлэв.

Богд ламын дүйчэн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний нийт зардалд 820.000 / Найман зуун хорин мянган / төгрөг зарцууллаа.

Бурханы шашны нарны гэрэл арван зүгтээ мандаж Буй бүх амьтныг зовлонгийн далайгаас гэтэлгэх болтугай…

“ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ” 109 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДӨР

2020 оны 12 дугаар сарын 29 буюу билгийн тооллын өвлийн дунд сарын 15 ны өдөр “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны” 109 жилийн ойн өдөр тохиов. Энэ жилийн дүйчэн болоод тэмдэглэлт өдрүүдээр дэлхий нийтээр тархаад байгаа COVID-19 цар тахлын нөхцөл байдал засгийн газрын шийдвэрийн дагуу олон нийтээр цуглаж буян хийх боломжгүй байгаа тул Эрдэнэ Зуу хийд энэхүү өдөрт зориулсан хурал ном олон нийтийн арга хэмжээг цахимаар сүсэгтэн олонд хүргэлээ. Энэ өдрийн болсон буяны бүх үйл ажиллагааг Монгол улсын тусгаар тогтнол улам батжиж,нийтээр эв нэгдэлийг эрхэмлэн оршихын тухайтайд зориулла.

ТУС ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

ХУРАЛ НОМ, ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ:

Эрдэнэ Зуу хийдийн Ловон лам О.Эрдэнэчулуун Facebook: Эрдэнэ Зуу Хийд/Erdene Zuu hiid page хуудасаар Дүйчэн өдөрт зориулан эрх чөлөө тусгаар тогтнолын тухай Лайваар айлдав. Уг дүйчэн өдөрт зориулан Тэргүүн лам нарын Зөвлөлийн Хурлын Ажлын албанаас зохион байгуулсан “Жинлавцогзол” -ын цахим хуралд оролцон Facebook: Бурхан багшийн дүйчэн өдөр page хуудсаар олон нийтэд шууд өглөөний 08- 09 хооронд “Жинлавцогзол” хурлаа.

Хийдийн цогчэн дуганд Ламын цогчод өргөж, Сандуйн жүд , Мөнхийн хурал цогчэн, Есөн Богдын Дончод зэрэг хурал номын үйл ажиллагааг иргэд, сүсэгтэн олонд цахимаар дамжуулав.

Дүйчэн өдөрт зориулан Эрдэнэ Зуу хийдийн лам хуврагууд 12-р сарын 19-29 хүртэл өдөр болгоны 13:00-14:00 хооронд “Жинлавцогзол” хурж Facedook: Эрдэнэ Зуу Хийд/Erdene Zuu hiid page хуудасаар шууд дамжууав.

ЕБСургуулын ахлах ангын сурагчдын дунд “Үндэсний эрх чөлөөний хувьсгал Богд хаант Монгол улс” сэдэвт ЭССЭ бичгийн уралдаан зарлаж байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулав.

II. ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ :

Сумын хүүхэд хамгааллын төвийн нийт 15 хүүхдэд гарын бэлэг гардуулж, хоол хүнсний материалын тусламж үзүүлэв.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан 28 хүүхдэд гарын бэлэг түгээлээ.

Хүмүүнлэгийн болон ЭССЭ бичлэгийн уралдаанд гарсан зардал:

1.ЭССЭ бичлэгийн уралдааны шагналд: 216 000 төгрөг

2.Хүүхдийн бэлгэнд: 570 000 төгрөг

3.Хүнсний тусламжинд: 87 500 төгрөг

Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нийт: 873 500 төгрөгний зардал гаргаж зохион байгууллаа